logo mobile

ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМ

2026 оны 8 сарын 27 өдөр
ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМ

Аливаа амьд организмын генетикийн материал (ДНХ)-ийн бүтцийг байгалийн бус аргаар, тухайлбал орчин үеийн биотехнологийн рекомбинант ДНХ технологи буюу генийн инженерчлэлийн аргаар өөрчилж, ашигтай генийг нэг зүйлээс нөгөө зүйлд эсхүл тухайн зүйлийн дотор шилжүүлэн суулгах замаар гарган авсан ургамал, амьтан, бичил биетнийг Хувиргасан Амьд Организм (ХАО) гэж нэрлэнэ. Харин ийм организмыг ашиглан үйлдвэрлэсэн, эсхүл түүнийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн өөрчлөлттэй хүнс гэж тодорхойлдог.

Хүнсний бүтээгдэхүүний шошгыг уншиж хэвших

Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа бүтээгдэхүүний нэр, орц найрлага, харшил үүсгэгчийн мэдээлэл, үйлдвэрлэгч, гарал үүсэл, үйлдвэрлэсэн болон хэрэглэх хугацаа, хадгалах нөхцөл зэрэг мэдээллийг шалгаж хэвшээрэй. Шар буурцаг, эрдэнэ шиш, рапс зэрэг зарим таримлын генетикийн өөрчлөлттэй сортууд дэлхийн зарим улс оронд өргөн тариалагддаг. Мөн шар буурцгийн уураг, лецитин, эрдэнэ шишийн цардуул, ургамлын тос зэргийн орц найрлагад Хувиргасан Амьд Организм (ХАО)-тай эсэхийг зөвхөн нэрээр нь тогтоох боломжгүй тул тухайн бүтээгдэхүүний шошго болон албан ёсны мэдээллийг шалгах шаардлагатай.

ХАО-той холбоотой шошго, тэмдэглэгээг уншиж хэвших

ХАО болон түүнээс гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын шаардлага улс орон бүрийн хууль тогтоомж, зохицуулалтаас хамаарч харилцан адилгүй байдаг. Зарим улсад генетикийн өөрчлөлттэй түүхий эдээс гаралтай бүтээгдэхүүнийг “Генетикийн өөрчлөлттэй (Genetically modified)”, “Генетикийн өөрчлөлттэй ... –аас үйлдвэрлэв (Produced from genetically modified …)”, “Биоинженерийн аргаар гаргаж авсан (Bioengineered)” зэрэг бичвэрээр тэмдэглэдэг.

Зураг 1. АНУ-ын Хөдөө Аж Ахуйн Яамны (USDA) албан ёсны "Bioengineered" (GMO) тэмдэглэгээ

Зураг 2. Олон улсад хамгийн түгээмэл ашигладаг бүтээгдэхүүнийг ХАО-гүй болохыг баталгаажуулсан албан ёсны тэмдэглэгээ

Монгол Улсад ХАО болон түүнээс гаралтай бүтээгдэхүүний талаарх харилцааг “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” болон MNS 6648:2016 стандартаар зохицуулдаг. Дээрх зохицуулалтын дагуу ХАО-аас гаралтай түүхий эдийн орцтой бол хүнсний шошго дээр бүтээгдэхүүний нэрийн ойролцоо “Хувиргасан амьд организмоос гаралтай” бичвэр эсвэл олон улсын тэмдэг тэмдэглэгээ байна гэж заасан байдаг.

Буцах
logo footer
@ Developed by Gegeensoft LLC